Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            


ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

    Улс орны хөгжил эрчимжиж, дэлхий дахинд глобальчлал гүнзгийрч байгаа өнөө үед Монгол Улсын хөгжил дэвшил нь боловсролын салбараас, тэнд бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн чанар, дотооддоо төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараас шууд хамаарах болж байгаа нь жилээс жилд улам тодорхой болж байна.

    Бид боловсролын чанарыг цаг ямагт үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлж, үүнийг сайн багш нарын хүчээр өрсөлдөх чадвартай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, тохилог материаллаг орчин бүрдүүлэх замаар хангах боломжтой гэж үзэж, тус сургуулийн өнгөрсөн 20 жилийн хөгжлийг чиглүүлж энэ хэрээр зохих туршлага хуримтлуулж ирлээ. Манай хамт олон нь сургалт, судалгаа, практикийн өндөр мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай олон төгсөгчдийг бэлтгэн гаргаснаараа зүй ёсоор бахархаж байдаг билээ.

    Өнөөдөр тус сургуулийн багш нарын 40 шахам хувь нь эрдмийн цол, зэрэгтэй, улс нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулсан буюу оруулж байгаа шилдэг сурган хүмүүжүүлэгчид профессорууд байна. Тэдний дэргэд эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй залуу, дунд үеийнхэн өсөн бойжиж байна. Энэ бол манай бахархал юм. Тус сургууль нь бэлтгэн гаргаж байгаа сургалтын хөтөлбөрүүдээ Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын сургалтын агуулга, стандартын төвшинд хүргэж хөгжүүлж ирсний хамт сургалтын материаллаг орчны таатай нөхцөлүүдийг бүрдүүлж чадсан учраас 2012 оноос Их сургуулийн статусаар ажиллах боллоо. Өнгөрсөн хугацаанд Үндэсний магадлан итгэмжлэлд 2 удаа орсны хамт 2016 оны эхэнд эдийн засаг, удирдлагын мэргэжлээр олон улсын магадлан итгэмжлэлийн АСВSP – байгууллагын гишүүн сургуулийн статустай болсон нь тус сургуулийн сургалтын агуулга, зохион байгуулалтын хөгжлийн хандлагыг тодорхойлж  байгаа юм.

    Тус их сургууль 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ түүхэн үедээ 2024 оныг хүртэлх сургуулийн хөгжлийн шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Бидний ойрын гол зорилго нь сургуулиа орчин үеийн шаардлагын төвшинд төлөвшсөн Сургалтын их сургууль болгох, улмаар 2024 он гэхэд Судалгааны их сургуулийн гол суурь нөхцөлүүдийг бүрдүүлэхэд уг төлөвлөгөөний агуулга чиглэж байна. Энэ үүднээс манай хамт олны хувьд эрдэм шинжилгээ, инновацийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа тэргүүлэх ач холбогдолтой болж байна. Сүүлийн жилүүдэд бид гадаад, дотоодын олон судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдаа уг үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно.

    Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө манай  их  сургуулийн  үүд  хаалга  үргэлж  нээлттэй  байх  болно.

Үүсгэн байгуулагч, Эрдмийн зөвлөлийн дарга:Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Түвдийн Дорж